Цайр нь уургийн нийлэгжилт, эсийн хуваагдалд чухал үүрэгтэй эрдэс юм ба үсний уутанцрын үүсэлд гол үүрэг гүйцэтгэдэг. Цайрын дутагдал нь удамшлын болон олдмол шалтгаантай байж болох бөгөөд олон эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Хүний биед цайр дутагдсанаар суулгалт, дархлаа тогтолцооны өөрчлөлт, амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, шархны эдгэрэлт удаашрах зэрэг шинж илрэхээс гадна үс ихээр унах болон үс хэврэгших шалтгаан болдог.
Удамшлын эмгэгүүдийн үед цайрын шингээлт буурсан байдаг бол цайрын олдмол дутагдал нь гэдэсний үрэвсэлт өвчин эсвэл ходоодны мэс заслын дараах шингээлт алдагдах хам шинжийн үед тохиолдож болно. Бусад эрсдэлт бүлэгт хорт хавдартай эмчлүүлэгчид, элэг, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг архичид орно. Бие махбод дахь цайрын хэмжээг бууруулдаг эмүүдэд вальпроны хүчил агуулсан уналт таталтын эсрэг эмүүд /валептик, депакин г.м/ болон зарим төрлийн даралт бууруулах эмүүд хамаарна.
Хүнсний ногоон дахь цайрын агууламж мах, махан бүтээгдэхүүн дэх агууламжаас бага байдаг тул цагаан хоолтнууд цайрын дутагдалд орох эрсдэл өндөртэй байдаг. Цайртай холбогдож шимэгдэлтийг саатуулдаг фитат агуулсан буурцагт ургамал, үр тариаг илүү ихээр хэрэглэдэг нь цагаан хоолтнуудад цайрын дутагдал үүсэх гол хүчин зүйл болж байдаг. Цайрын дутагдлын улмаас үүссэн үс уналт эргэн сэргэх боломжтой тул хоол хүнсээр авах цайрын хэрэглээг нэмэгдүүлснээр цайрын дутагдлаас үүссэн үс уналтыг эмчлэх боломжтой.
Эрдсийн шинжилгээгээр цайрын түвшин бага буюу дутагдалтай гарсан тохиолдолд түүний шалтгааныг олж илрүүлэх нь чухал юм. Хоол тэжээлийн бус шалтгаантай цайрын дутагдал байгаа тохиолдолд шалтгааныг арилгах зорилгоор нэн даруй мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Харин хоол хүнсний шалтгаантай цайрын дутагдал байгаа тохиолдолд хүнсээр эсвэл нэмэлт бүтээгдэхүүнээр цайрын хэмжээгээ нөхөх боломжтой.
Цайраар баялаг хоол хүнсэнд: 1. Мах, махан бүтээгдэхүүн 2. Далайн гаралтай бүтээгдэхүүн /хясаа, сам хорхой, загаснууд/ 3. Буурцагт ургамлууд /вандуй, сэвэг зарам, шош/ 4. Үр тариа 5. Төрөл бүрийн самар 6. Сүү, сүүн бүтээгдэхүүн 7. Өндөг 8. Бүхэл үр, тариа /улаан буудай, овьёос г.м/ хамаарна.