Үс халзрах нь дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлдөг түгээмэл эмгэг болсоор ирсэн ба үс шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр асуудлын хариулт болсон юм.
Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхэд анхаарах ёстой хүчин зүйлүүд олон байдгаас ТАМХИ нь онцгой байр суурийг эзэлдэг.
Тамхи зүрх судас болон амьсгалын эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөхөөс гадна шарх эдгэрэлтийг удаашруулдаг ба үс шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнг үлэмж бууруулдаг гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй.
Тамхи татах нь үс шилжүүлэн суулгах амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Тамхинд агуулагдах никотин нь судасны ханыг хатууруулж, хялгасан судсыг нарийсгаснаар хуйх зэрэг захын эрхтэнд очих цусны эргэлтийг огцом бууруулна. Цусны эргэлт хангалтгүй байснаар шинээр суулгасан үсний булцуунд хангалттай хүчилтөрөгч, шим тэжээл очихгүй тул үсний ургалт, амьдрах чадвар тэр чинээгээр муудаж үс шилжүүлэн суулгах эмчилгээ үр дүнгүй болдог. Нэгэнт цусанд орсон никотин нь 12 цагийн турш таны бие махбодид агуулагдах ба өдөрт 2 ширхэг тамхи татахад л таны судас өдөржин агшсан байх болно. Мөн мэс заслын шарх эдгэрэлт удааширч, шарх хоёрдогчоор халдварлагдах нөхцлийг бүрдүүлдэг.
Тамхины төрөлд зөвхөн утаат тамхинаас гадна электрон тамхи, тамхинаас гаргах наалт ба никотинтой бохь хамаарна.

Тамхи татдаг хүмүүст учирч болзошгүй эрсдлүүд
Хэрэв та тамхи татдаг бөгөөд үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол дараах сөрөг нөлөөг сайтар ойлгох нь чухал. Үүнд:
- Мэс заслаар суулгасан булцууны амьдрах чадвар буурах. Хангалттай тооны булцуу мэс заслаар шилжүүлэн суулгасан ч шим тэжээлээр бүрэн хангагдаагүй булцуу ургаж чадахгүй тул мэс заслын үр дүн муу гарна. Ингэснээр үс нягтрал муутай жигд бус ургах нөхцөл болно.
- Мэс заслын шархны эдгэрэлт муу байх. Захын эрхтэнд очих цусны эргэлт удаан байх нь мөн л шарх эдгэрэлтийг удаашруулж, халдварт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг.
- Сорвижилт үүсэх /келойд сорви/
Тамхи татдаг бол үс шилжүүлэн суулгахаас өмнө мэдэх ёстой зүйлс
Та дээрх хүндрэл, сөрөг нөлөөг бууруулж, үс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай болгохын тулд мэс заслын өмнө ба дараа тамхи татахаа зогсоохыг зөвлөж байна. Мэс засалд орохоос өмнө 48 цаг тамхи татахгүй байх шаардлагатай ба мэс заслын дараа хамгийн багадаа 6 сар татахгүй байвал зохистой.
Нэмэлт зөвлөмж
Хэрэв таны цусны даралт ихэсдэг бол мэс заслаас долоо хоногийн өмнөөс цусны даралтыг бууруулж, даралтны эмийг тогтмол ууж эхлэх хэрэгтэй.
Усыг хангалттай хэмжээгээр ууж хэвшүүлэх нь тустай.
Үс шилжүүлэн суулгах мэс заслын дараах шархны арчилгаа, эмийн эмчилгээ, хуваарийн дагуу давтан үзлэг зэрэг эмчийн өгөх бүх зааврыг дагаж мөрдөөрэй.