Үс уналттай тулгарч буй хүн бүр нэмэлт бүтээгдэхүүнүүд нь үсний ургалтыг сэргээх эсвэл үс уналтаас сэргийлж чадах эсэхийг байнга асуудаг. Бодит амьдрал дээр олон хүн нэмэлт бүтээгдэхүүнүүдэд найдаж, мэргэжлийн зөвлөгөө авалгүйгээр хэрэглэж эхэлдэг. Нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар ч энэ байдлыг ашиглан сурталчилгаагаа идэвхтэй явуулдаг байна. Үсний уутанцар нь бие махбод дахь бодисын солилцооны хувьд хамгийн идэвхтэй хэсэг ба уураг, микроэлементийн дутагдал зэрэг нь үсний ургалтад сөрөг нөлөө үзүүлдэг.
Үс уналт нь түгээмэл тохиолдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 50 орчим хувь нь 50 нас хүртлээ ямар нэг хэлбэрээр үс уналттай тулгардаг байна. Олон төрлийн хоол тэжээлийн нэмэлтийг үс уналтын эмчилгээ болгон худалдаалдаг.
Интернэт худалдаагаар нэмэлт бүтээгдэхүүн борлуулдаг Amazon.com сайтын Витамин ба хүнсний нэмэлтүүд хэсгээс “үс уналт” гэсэн түлхүүр үгсийг ашиглан хайлт хийхэд 923 бүтээгдэхүүн гарч ирж байна. Олонх нь өөр өөр найрлагаас бүрддэг ба АНУ-ын Хүнс, Эмийн Алба (FDA) нь хүнсний нэмэлтийг худалдаанд гаргахаас өмнө аюулгүй байдал, үр дүнтэй эсэхийг шалгах эрхгүй тул үйлдвэрлэгчид ямар нэг үүрэг хариуцлага үүрдэггүй юм байна.
Ийм бүтээгдэхүүн нь янз бүрийн шим тэжээл агуулсан байдаг ч шинжлэх ухаанаар тэдний үр дүнг батлах нотолгоо хангалтгүй байсаар байна.